2019/05/18

Beginner's guide - Кето эхлэхэд ...

Кето хооллолт гэж юу вэ?

Кето хооллолт гэдэг нь нүүрс усны хэрэглээг багасгаж, сайн өөх тосыг хүнсээрээ авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл цардуултай гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа, гоймон, чихэрлэг зүйлс болон зарим нүүрс ус ихээр агуулсан жимс, ногоо зэргийг авокадо, масло (өрөм, шар тос), өөхтэй махаар солихыг хэлнэ (глюкозыг бодвол удаан шатдаг биенд хуримтлагдсан глюкогенийг устгахын тулд таны бие биенд хуримтлагдсан өөх тосыг ашиглан кетогенийг бий болгодог).

Ихэнх хүмүүс кето амьдралын хэвшлийг артрит, чихрийн шижин, архаг үрэвсэл зэрэг эрүүл мэндийн асуудлаа шийдэхийн тулд хэрэгжүүлж байна. Энергийн эх үүсвэрээ нүүрс уснаас өөх тос болгон сольсноор дараах үр өгөөжийг өгнө:
• Энергийн түвшин тогтвортой байх
• Хоолны хэт дуршил буурах (хэтрүүлэн идэхгүй)
• Оюун чадвар сайжрах
• Сэтгэл хангалуун байх
• Үрэвсэл буурах гэх мэт ...


Кето хооллолтыг хэрхэн эхлүүлэх вэ?
1. Эмчтэй ярилц
Бид эмч биш. Өөрийн мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцаж байгаа гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Иймээс кето хооллолтыг эхлүүлэх гэж байгаа бол дотрын, зүрхний гэх мэт эмчид хандаарай, мөн эрүүл мэндийн ерөнхий шинжилгээ хийлгээрэй.

2. Макрогоо тооцоол
Макро шим тэжээлийн зөв харьцаагаар хооллох нь биен дэх глюкозыг багасгах мөн кетоныг үүсэж бий болоход нөлөөлдөг (үүссэн кетоноос хүний бие энергиэ авдаг). Та ЭНД дарж манай Макро тооцоолуур руу орж макрогоо тооцоолоорой. Кето хооллолт нь дараах харьцаанд хуваагддаг:
• Өөх тос: нийт илчлэгийн 60% - 80%
• Уураг: нийт илчлэгийн 15% - 35%
• Нүүрс ус: нийт илчлэгийн 5% ба түүнээс бага хувь

3. Кето хоол, хүнс идэж эхэл
Дараах хүнсийг хоолондоо түлхүү ашиглаарай. ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Мах
Тослог ихтэй цагаан идээ
Өндөг
Загас
Байгалийн тос хэрэглэх: Чидуны тос, наргилын тос гэх мэт
Цардуулгүй ногоо: Бууцай, байцаа, цэцэгт байцаа гэх эмт
Дараах хүнсийг хэрэглэхээс зайлсхийгээрэй. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Чихэр болон цардууллаг хүнс. Жишээ нь:
Х Төмс болон зарим үндэстэй ногоо
Х Гоймон
Х Талх
Х Чихэр ихтэй жимс
Кетог эхэлж байгаа эхний сардаа өдөрт 20 гр-аас бага нүүрс ус авахыг миний зүгээр санал болгож байна.

4. Кето флү-ээс өөрийгөө хамгаал
Бидний биед маш олон өөрчлөлт орж байгааг та мэдрэх болно. Хэрвээ сахарын их хэрэглээтэй байсан бол эхний 5 - 7 хоногт нэлээн хүндэвтэр байх магадлалтай. Энэ шилжилтийн үед биеэс их хэмжээний шингэн гадагшилдаг тул эрдэс, давсны дутагдалд ордог. Иймд далайн болон жамц давсыг бүлээн усанд, ясны шөлөнд, махтай хар шөлөнд хийж уух болон бусад шингэнээ ихээр уух хэрэгтэй.

5. Уургаа тохируулж ид
Хэрвээ уургийн хэмжээ ихэдвэл биен дэх инсулиныг өдөөж өгдөг. Кето хооллолт эхлэх хамгийн хялбар арга нь идэж байгаа хоол хүнснээсээ нүүрс усыг шууд хасах юм. Кето хооллолтын нэг чухал хэсэг нь биедээ тохирсон хэмжээтэй уургийг авах байдаг. Ихэнх хүмүүс өөхнөөс бусад жин (lean body mass) -ийн кг тутамд 1.3 - 2.2 грамм уураг авах ёстой байдаг.

6. Өөх тосноос бүү ай
Ихэнх хүмүүс өөх тосыг ихээр идэх нь эрүүл мэндэд муу гэж үздэг. Өөх тос муу гэх тархинд хадгалагдсан байгаа бодолтой тэмцэх нь хэцүү байдаг. Энэ хооллолтонд өөх тос сайн нөлөөтэй, үр дүнтэй гэж бодох хэрэгтэй. Ухаан санаандаа өөрчлөлт хий! гэж зөвлөмөөр байна. Хэрвээ та кето хооллож байхдаа хангалттай энергигүй байвал сайн өөх тосоо хангалттай авч чадахгүй байнаа гэсэн үг.

Аливаа зүйлийг хийхэд:
Эхлэл хэсэг нь хамгийн хэцүү
Эхлүүлэхэд бүүр хэцүү
Эхэлсэн байхад амархан

0 Сэтгэгдэл:

Post a Comment